EN MN

Төсөл хөтөлбөрүүд

“Тээврийн аюулгүй байдал - Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц” чиглэлээр чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

ТӨСЛИЙН НЭР: “Тээврийн аюулгүй байдал - Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц” чиглэлээр чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

Салбар: Автотээвэр

Ерөнхий мэдээлэл

Байршил

 

Монгол Улс

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

  • Монгол Улс олон улсын хэмжээнд тээврийн бодлого, удирдлага зохицуулалт, техник, эдийн засгийн байдал, үр нөлөөг хэлэлцэх, мөн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд оролцох;
  • Үндэсний тээврийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх замаар худалдаа, тээврийг хөнгөвчлөх, олон улсын болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх;
  • ЕХ-ны улсуудтай байгуулсан олон улсын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах;
  • ЕХ-ны тээврийн бодлого, стратегийг Монгол Улсын тээврийн хөгжлийн бодлоготой уялдуулах замаар тээврийн болон тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангах;
  • Монголын тээвэрчдийг Европын зах зээлд хүргэх.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

  • Тээврийн сайд нарын Европын бага хурлын талаарх протоколд нэгдэх боломж нээгдэнэ.
  • Олон улсын авто даатгагчдын картын систем буюу “Ногоон картын систем”-д нэгдэх боломж нээгдэнэ.
  • Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр /AETR/-т нэгдэх боломж нээгдэнэ.
  • Энэ чиглэлээр мэргэжлийн хүний нөөцтэй болно.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь микро түвшинд хүн амын эдийн засаг, нийгмийн харилцаанд тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг, салбарын үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, макро түвшинд үндэсний үйлдвэрлэх баялгийн хэмжээ, хүн амын амьжиргааны түвшин, байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж байна.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт түшиглэсэн тээвэр ложистикийн шинэ төвүүдийг барьж ашиглалтад оруулах, тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тус тус тусгагдсан.

Олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг байгуулж, МУ-ын Их Хурлын чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулна гэж үзэж байна.

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос гэсэн 9 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдон хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Энэ ажлын хүрээнд тус яамны зүгээс Бүгд Найрамдах Польш, Чех, Унгар, Гүрж, Словак, Литва, Холбооны Бүгд Найрамдах Герман зэрэг улстай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд монголын тээвэрчид Польш, Унгар, Герман, Словак, Унгар зэрэг улсуудад тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэнэ.

Хэрэгжүүлэх хугацаа

6-12 сар

Төслийн явц

 

Хэрэгжүүлэхээр санал болгож байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

  • Тээврийн сайд нарын Европын бага хурлын талаарх протоколд нэгдэх боломжийг судлах, орчуулах, туршлага солилцох, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;
  • Олон улсын авто даатгагчдын картын систем буюу “Ногоон картын систем”-д нэгдэх боломжийг судлах, орчуулах, туршлага солилцох, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;
  • Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн багийн ажлын талаарх Европын хэлэлцээр /AETR/-т нэгдэх боломжийг судлах, орчуулах, туршлага солилцох, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;
  • ЕХ-ны зарим улсад хандан дээрх олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, ач холбогдол болон практик үйл ажиллагааны туршлага судлах, холбогдох сургалт, семинарт оролцох.

Хууль эрх зүйн орчин

 

  • Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хууль
  • Автотээврийн тухай хууль
  • МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 

Санхүүжилтийн хэлбэр

 

Техникийн туслалцаа

Шаардагдах хөрөнгө оруулалт

981.5 [мян.евро]

Эргэн төлөгдөх хугацаа

 

-

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

-

Холбогдох хаяг

 

Хэрэгжүүлэгч байгууллага:

Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол улс. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

Ц.Баяржаргал

Автотээврийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

6226 3112

bayarjargal@mrtd.gov.mn