EN MN

Төсөл хөтөлбөрүүд

Тээврийн төлөвлөлт – Бүсчлэл – Тээврийн төрлүүдийн нэгдмэл байдлыг хангах” чиглэлээр чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

ТӨСЛИЙН НЭР: “Тээврийн төлөвлөлт – Бүсчлэл – Тээврийн төрлүүдийн нэгдмэл байдлыг хангах” чиглэлээр чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

Салбар: Автотээвэр

Ерөнхий мэдээлэл

Байршил

 

Монгол Улс

Үйл ажиллагааны чиглэл, зорилго

  • Дэлхийн жишигт хүрсэн тээврийн нэгдсэн үйлчилгээг зохион байгуулж, үндэсний тээврийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх;
  • Олон Улсын болон ЕХ-ны тээврийн бодлого, стратегийг Монгол Улсын тээврийн хөгжлийн бодлоготой уялдуулах замаар тээврийн болон тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
  • Монгол Улсын хэмжээнд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, оновчтой төлөвлөлтөд суурилсан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх;
  • Монгол Улсын хэмжээнд тээврийн төрлүүд тус тусдаа бие даан хөгжиж ирсэн хуучин системийг халж, олон улсын жишигт нийцсэн тээврийн төрлүүдийн нэгдсэн системийг бүрдүүлэх;
  • Тээврийн оновчтой төлөвлөлтийг хийснээр ачаа, зорчигч тээвэрлэлтийн зохион байгуулалт, тээврийн үйлчилгээний чанар хүртээмж, аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэл, зам тээврийн осол зэрэг тээврийн хөдөлгөөнөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах зэрэг Монгол Улсын тээврийн салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, хүчин чадал

  • Энэ чиглэлээр мэргэжлийн хүний нөөцтэй болно.
  • Тээврийн төлөвлөлтийн шинэ програм, нэгдсэн системтэй болно.

Зах зээлийн судалгаа, зорилтот зах зээл

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт түшиглэсэн тээвэр ложистикийн шинэ төвүүдийг барьж ашиглалтад оруулах, тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тус тус тусгагдсан.

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь микро түвшинд хүн амын эдийн засаг, нийгмийн харилцаанд тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг, салбарын үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, макро түвшинд үндэсний үйлдвэрлэх баялгийн хэмжээ, хүн амын амьжиргааны түвшин, байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж байна.

Тээврийн салбар үүсч хөгжсөнөөс хойш Монгол Улсын тээврийн тогтолцоог судалж үзэхэд тээврийн төрлүүд (автозам, төмөр зам, усан зам болон агаарын тээвэр) тус тусдаа бие даан хөгжиж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус тусад нь зохион байгуулж, эрх зүйн орчин, бодлогын бичиг баримтууд, стратегиудыг тодорхойлж ирсэн.

Тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоо муутайгаас тээврийн дэд бүтэц, тээврийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчийн эрэлт шаардлагыг хангахгүйд хүрээд байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр 2017 онд давхардсан тоогоор 264,0 сая зорчигч тээвэрлэж, зорчигч эргэлт 4072,6 сая зорчигч километрт хүрсэн байна. Зорчигчдын тоог өмнөх онуудтай харьцуулахад 2007 оноос 25,8 хувь, 2010 оноос 5,3 хувь, өмнөх оноос 1,6 хувиар өссөн. Зорчигч эргэлт 2007 оноос 24,8 хувь 2010 оноос 12,9 хувь, өмнөх оныхоос 0,3 хувиар өссөн байна.

Монгол Улс 2016 онд бүх төрлийн тээврээр 40,4 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа эргэлт 16376,8 сая тн.километрт хүрсэн. Тээсэн ачааг өмнөх онуудтай харьцуулахад 2007 оноос 73,5 хувь, 2010 оноос 37,4 хувь, өмнөх оноос 12,7 хувиар өссөн байна.

Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд судалгаа, шинжилгээний үндэслэлгүй тээврийн бодлого, цаашдын зорилго тодорхойлогддог болсноор тээвэрлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмж доголдоход хүрч байна.

Нөгөөтэйгүүр тээврийн төлөвлөлт, бүсчлэл, тээврийн эдийн засаг, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн хүний нөөц автотээврийн салбарт дутагдалтай байна. Иймд бид энэ чиглэлээр тээврийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны энэхүү төслийн саналыг гаргаж байна.

Хэрэгжүүлэх хугацаа

6-12 сар

Төслийн явц

 

Хэрэгжүүлэхээр санал болгож байна.

Бизнесийн стратеги болон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө

  • Олон улсын болон Европын орнуудын тээврийн төлөвлөлт, бүсчлэлийн талаарх эрх зүйн бичиг баримт болон энэ чиглэлээр нэгдэн орох боломжтой олон улсын гэрээ, конвенцийг судлах, орчуулах;
  • Зорчигч тээврийн төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр Европын орнуудын туршлага судлах, Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;
  • Ачаа тээвэр, логистикийн төлөвлөлтийн чиглэлээр Европын орнуудын туршлага судлах, Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх;
  • ЕХ-ны зарим улсад (Финлянд, Австри г.м) хандан тээврийн төлөвлөлтийн хэрэгжилт, ач холбогдол болон практик үйл ажиллагааны туршлага судлах, холбогдох сургалт, семинарт оролцох;
  • Тээврийн төрлүүд, тээврийн дэд бүтцийн уялдаа холбоог хангах замаар тээврийн нэгдсэн системийг бүрдүүлэх талаарх Европын орнуудын туршлага судлах;
  • Тээврийн төлөвлөлтийн програм хангамж (Synchro,/Sim Traffic, Paramics, VISSIM, Open Truck, EMMA2, HUTSIM г.м), түүний хэрэглээг судлах, үүнтэй холбогдуулан тухайн улсад нэвтрүүлэн ашиглаж буй төлөвлөлтийн програмтай танилцах, ажиллах замаар суралцах;
  • Монгол Улсын Тээврийн төлөвлөлтийн аргачлал, загварчлал боловсруулах: гол замууд болон гудамж, талбайн төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, нөлөөллийн үнэлгээ, уулзвар, гарцын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, авто замын урсгалыг сайжруулах, дуу чимээ, осол, аваар, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн төлөвлөлтийг хотын төлөвлөлттэй уялдуулах г.м;

Хууль эрх зүйн орчин

 

  • Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хууль
  • Автотээврийн тухай хууль
  • МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого

Шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл

 

Санхүүжилтийн хэлбэр

 

Техникийн туслалцаа

Шаардагдах хөрөнгө оруулалт

1 сая.ам доллар

Эргэн төлөгдөх хугацаа

 

-

Хөрөнгө оруулалтанд ноогдох ашиг

-

Холбогдох хаяг

 

Хэрэгжүүлэгч байгууллага:

Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол улс. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11

Хариуцах хүний овог нэр албан тушаал, утас, цахим шуудан, хаяг:

Ц.Баяржаргал

Автотээврийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

6226 3112

bayarjargal@mrtd.gov.mn