EN MN

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН

Ерөнхий тойм

Монгол Улсад 1990-2016 оны хооронд 112 орны 13498 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 18,9 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 80 хувийг 2008-2012 оны хооронд хийжээ. Өмнөх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дүгнэхэд нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь нэг талаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын чиг хандлага уул уурхайн салбар руу чиглэсэн байгааг, нөгөө талаас энэ салбар нь бусад эдийн засгийн салбарыг бодвол их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул дийлэнх хувийг эзэлж байгаа гэж үзэж болно.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, салбараар 1990-2016 он

GDFx5CeZqq47OWb.png

Манай улсад 112 орноос хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор Нидерланд улс 5,7 тэрбум ам.доллараар эхний байранд ордог ба БНХАУ, Люксембург, Виржини арлууд /UK/, Сингапур зэрэг улсууд топ 5 хөрөнгө оруулагч улсаар тодроод байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компаний тоогоор БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, АНУ-ууд эхний 5 байрыг тэргүүлж байна.

Хууль эрх зүйн орчин

1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2012 оны Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг тус тус хүчингүй болгож,  2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай шинэ  хуулийн төслийг баталж, холбогдох хууль, тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ хууль нь Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдыг гадаад болон дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлсон. Эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор анх удаа салбар нутгаар хуваан ангилж, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулахад чухал  холбогдолтой хууль болсон юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр тодорхой заалтууд байдаг ба   Монгол Улсын газар нутгийг 5 хэсэгт ангилан хувааж, салбараар уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарыг 1 түвшинд, үлдсэн бусад салбаруудыг 1 багц болгон хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран тогтворжуулах гэрчилгээг 5-18 жил олгож, хэрэв тухайн төсөлд 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийгдэхээр бол холбогдох хүсэлтээ гарган Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал нь нээлттэй болсон.

Бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл авах тогтолцоог хурдасгаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон. Зөвхөн Монгол Улсын стратегийн салбарууд болох уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт гадаадын төрийн өмчит компани 33 хувиас дээш хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хөрөнгө оруулалт хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах, харин гадаадын хувийн  компани хөрөнгө оруулалт хийх тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүй хуулийн зохицуулалттай.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтын хуулинд заасан тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталж, 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Газрын тосны тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг баталж, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Мөн Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлав.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нь дотоодын хууль тогтоомжоор хамгаалагдахаас гадна олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Мөн “Хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай” Вашингтоны конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын олон талт агентлаг байгуулах тухай” Сөүлийн конвенцид нэгдэн орсон болно.

Түүнчлэн улс хоорондын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тогтолцоо бүрдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг 44 улстай, Давхар татварын хэлэлцээрийг 24 улстай байгуулсан. Монгол Улсын хувьд анхны чөлөөлт худалдааны хэлэлцээр болох “Монгол Улс, Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” энэ 2016 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхлэв.

Өнөөдөр Монгол Улс нь хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай орнуудын нэгд зүй ёсоор багтаж байгаа нь олон улсын судалгааны байгууллагуудын тооцоололтой нийцэж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны 2017 оны дүнгээр Монгол Улс нь 190 орны эдийн засгаас 64-д жагсаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчийн хамгааллын үзүүлэлтээр 26-д, бизнес эхлэх орчны үзүүлэлтээр 36-д байна. Гэхдээ тоон үзүүлэлтийг улам ахиулж, чанарын хувьд анхаарч ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын төр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын горим, зохицуулалтад илүү таатай нөхцлийг олгох бодлогыг тууштай баримталж байна. Энэ нь манай улс бизнест хэр нээлттэй байгааг харуулж байна. Гэхдээ нээлттэй байна гэдэг нь бизнест таатай байна гэсэн үг биш юм. Эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын зэрэгцээ, хүнд суртал, авилга болон дэд бүтцийг сайжруулах чиглэлд улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

            Шинээр орж ирж буй хөрөнгө оруулалтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн итгэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэсэн ололт амжилтуудыг олон нийт, нэн ялангуяа хөрөнгө оруулагчдад түгээн дэлгэрүүлж, дахин хөрөнгө оруулалтыг дэмжих нь хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл юм. Монгол Улс нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах чиглэлээр сүүлийн үед орж ирсэн хөрөнгө оруулалтыг үлдээх, дахин хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд түлхүү анхааран ажиллаж байна.

2016 оны Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах, эрх үүргийг нь зөрчсөн шийдвэр гаргасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг хянаж,  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдол нь даамжирч арбитр очихоос өмнө асуудлыг шийдвэрлэх зорилготой.

Цаашид хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлж болохуйц бодлогын сөрөг нөлөөллүүдийг засч, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг эерэгээр шийдвэрлэж, олон улсад эерэг хандлага бий болгон, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах, хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийснээр гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хувьд зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж  байгаа бөгөөд Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх механизм цахим системийг бий болгохоор хамтран ажиллаж байна.

2017 оны 5 сард Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл Монгол Улсыг "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр"-т хамруулах шийдвэр гаргасан.

Олон улсын “Moody's агентлаг "Бид Монголыг эрсдэл өндөртэй хэвээр байгаа гэж  үзэж байгаа ч Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсаны ачаар Монгол Улс 2018, 2019 онд төлбөр төлөх ёстой бондынхоо бүтцийг шинэчлэх, дахин санхүүжүүлэх боломжтой болж, Монголын банкнууд тайлан, тэнцлээ цэгцлэх боломжийг олгож, гадаад хөрөнгө оруулагчдын банкнуудад итгэх итгэлийг сэргээхэд дөхөм болох ач холбогдолтой гэж “Moody's” дүгнэсэн.

Харин олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг “Moody's” агентлагийн нэгэн адил "Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр нь Монгол Улсын гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулж, эдийн засгийг илүү тогтвортой болгоно" гэж үзсэн байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой бодлогыг хангахын зэрэгцээ дунд хугацаандаа зээлжих зэрэглэлийг нь дэмжих боломжтой гэж үзэж байна. Хэдий тийм боловч төсвийн зорилтот түвшинд хүрч, дунд хугацаандаа өрийн дарамтыг бууруулах нь уул уурхайн томоохон төслүүдээс өндөр хамааралтайг “Fitch” онцолж байна.

Гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондын бүтцийг шинэчилж дахин санхүүжүүлсэн нь олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх Монгол Улсын чадварт хэдийн эергээр нөлөөлж эхэлсэн байна. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр нь 2016 онд ам.долларын эсрэг 20 хувиар суларсан төгрөгийн ханшийг тогтворжуулна гэж шинжээчид тооцоолж байна. Эдийн засгийн төлөвийн тухайд, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд найман хувиар өснө гэж “Fitch” агентлаг таамаглаж байгаа аж. Энэ нь 2016 онд нэг хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж байснаас хамаагүй өндөр дүн болж байна.