EN MN

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулах шат дараалал

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлэх

Та шинээр байгуулах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. УБ-12 маягтыг 1 хувь бөглөх
  2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт/Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд 500 төгрөг/
  3. Үүсгэн байгуулагчдын шийдвэр, хурлын тэмдэглэл /1хувь/ /баталгаат орчуулгын хамт/ Үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх. 
  • Шийдвэртээ гүйцэтгэх захирлыг томилж, компанийн дүрмээ хавсралтаар баталж, үүсгэн байгуулагчид гарын үсгээ зурсан байна. Үүсгэн байгуулагч өөрөө гүйцэтгэх захирал байж болно. 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тэмдэглэл үйлдэж, хурал даргалагч гарын үсгээ зурсан байна. 
  • Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол тухайн толгой компанийн хувьцаа эзэмшигчид үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталсан байна.
  • Шийдвэрийг гадаад хэл дээр үйлдсэн бол Монгол хэлрүү баталгаат орчуулга хийлгэсэн байна.
  1. Хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ/монгол хэл дээр 2 хувь, баталгаат орчуулга 1 хувь/
  2. ГХОХХК-ийн дүрэм/монгол хэл дээр 2 хувь, баталгаат орчуулга 1 хувь/
  • Монгол хэл дээр 2 хувь үйлдэх ба гадаад хэлрүү /1хувь/ баталгаат орчуулга хийлгэж, үүсгэн байгуулагчид гарын үсгээр баталгаажуулсан байна.
  • Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмдээ заавал тусгана
  1. Хөрөнгө оруулагч хувь хүн бол Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, паспортын хуулбар/Хуулийн этгээд бол хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт/
  2. Хөрөнгө оруулалтыг нотлох баримт/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш /

Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.

  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ Голомт банк 1401002649, Хас банк 5001122211 дансанд 750.000 төгрөг/
  2. Хаягийн нотлох баримт /1 хувь/ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээний хуулбар. Үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх бол иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Шаардлагатай тохиолдолд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.5.1, 11.5.2–т заасны дагуу бусад нотлох баримт

 ЖИЧ: Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмшиж, уул уурхай, банк санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Үндэсний хөгжлийн газраас олгосон зөвшөөрөл /эх хувь/ Дэлгэрэнгүй мэдээллийг http://nda.gov.mn/1050.html -аас үзнэ үү.

Өргөдөл гаргах эрх бүхий этгээд:

  • Үүсгэн байгуулагч /аль нэг нь байж болно/
  • Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
  • Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд 

Санамж:

  1. Та компани байгуулахын тулд “Компанийн тухай” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг уншиж судлах
  2. Үүсгэн байгуулагч нь 1 гишүүнтэй бол шийдвэр, 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол тогтоол гаргана. Тогтоол, шийдвэр, дүрэмд бүх гишүүд гарын үсэг зурсан байх./тогтоол, шийдвэрийн загварыг татаж авна уу.
  3. Таны баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангаж байвал ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

Бусад шаардлагатай мэдээлэл:

Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн эрхлэх цаашдын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл шаардаж байгаа тохиолдолд Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлсний дараа холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан болон авахаар хандсан тухай мэдээллээ шинэчлэн бүртгүүлэх ёстой.

Компаний тамга авах

Шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээний хамт тамга хийдэг компаниар тамгаа захиалан хийлгүүлнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгүүлэх

Шинээр байгуулагдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь харъяа дүүрэг, аймгийнхаа Нийгмийн даатгалын газарт бүртгүүлэн нийгмийн даатгалын гэрчилгээ авна. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очно.

Татварын газарт бүртгүүлэх

Таны компаниа бүртгүүлсэн тухай мэдээлэл харъяа дүүрэг, аймгийн татварын хэлтэст очих ёстой ба та улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 14 хоногийн дотор харъяа дүүрэг, аймгийнхаа татварын хэлтэст  бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очин бүртгүүлэх хэрэгтэй.