EN MN

Эдийн засгийн чөлөөт бүсүүд

Монгол улсад 3 чөлөөт бүс байдаг. Үүнд: Алтанбулагын худалдааны чөлөөт бүс,  Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Цагаан нуурын худалдааны чөлөөт бүсүүд юм.  Энэ нь Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай хууль”-иар зохицуулагдана.

 

Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс нь 500 га талбайтай,  ОХУ-ын Хиагттай зэргэлдээ, Улаанбаатар хотоос 335 км,  Сэлэнгэ аймагийн Сүхбаатар хотоос /Сум/ 25 км-т Монгол улсын хойд хэсэгт оршдог.

 

Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс нь /ЗҮЭЗЧБ / Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт хотын хажуу, Улаанбаатар хотоос 780 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 230 км, БНХАУ-ын Эрээн хотоос 8км-т оршдог бөгөөд 900 га талбайтай.

 

Цагаан нуурын худалдааны чөлөөт бүс нь Монгол улсын баруун хойд хэсэгт буюу Улаанбаатар хотоос 1700 км, Баян-Өлгий аймгаас төвөөс 65kм, ОХУ-ын хил нэвтрэх цэгээс 28 км-т оршидог бөгөөд Евро-Азийн олон улсын хурдны зам АН-32- бүсэд болон 708га талбайг хамардаг.

 

  • ЧӨЛӨӨТ БҮС ДЭХЬ ГААЛИЙН АЛБАН ТАТВАР, НӨАТ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН НОГДУУЛАЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ:

 

Чөлөөт бүсэд бараа оруулахад дараахь албан татварыг ногдуулах болон татвараас чөлөөлнө:

  • Чөлөөт бүсэд барааг хилийн чанадаас оруулахад импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй.
  • Импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг чөлөөт бүсэд оруулахад экспортын гаалийн албан татвар ногдуулахгүй.
  • Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад экспортын гаалийн албан татвартай бол түүнийг ногдуулж. нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоно.

Чөлөөт бүсээс бараа гаргахад дараахь албан татварыг ногдуулах болон албан татвараас чөлөөлнө.

  • Барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой албан татвар ногдуулна.
  • Үүнд заагдсан барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн, онцгой албан татвар ногдуулахгүй.
  • Монголын барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулахад импортын гаалийн болон онцгой албан татвар ногдуулахгүй.  Энэ тохиолдолд экспортын гаалийн татварыг буцаан олгож нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулна.
  • Чөлөөт бүсээс барааг хилийн чанадад гаргахад экспортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй.  Хуулиар тусгайлан ногдуулсан бол экспортын албан татвар ногдуулна.

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХЬ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

  • Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө.
  • Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлнө.
  • Чөлөөт бүсэд газар ашиглах, эзэмших гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэн газрын үр өгөөжийг ашиглах, эзэмших, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болно.

Чөлөөт бүсэд бүртгэгдсэн байшин барилга, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.