EN MN

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл

Салбарын танилцуулга

Монгол Улсын уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж, экспортын нийт орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт оны үнээр тооцсоноор 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. Монгол Улсын нийт ажиллагсдын 35 орчим хувь буюу 153.1 мянган өрх /335 мянган хүн/ тухайн салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргаагаа залгуулдаг.

 

Хөрөнгө оруулалт

Хөдөө аж ахуйн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч үзвэл, 2016 оны 3 дугаар сарын байдлаар мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт нийт хөрөнгө оруулалтын 1.2 хувийг эзэлж, 158 компаний 57 сая орчим хөрөнгө оруулалт; ХАА, газар тариалан, МАА салбарт 0.9 хувь буюу 116 компаний 15.9 сая ам.доллар; хөнгөн үйлдвэрийн салбарт 1.4 хувь буюу 190 компаний 108.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус бүртгэгджээ.

           

Хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулах боломжууд

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад дараах татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжтой. Үүнд:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө: үр тариа, төмс, хүнсний ногоо; сүү; жимс жимсгэнэ; тэжээлийн ургамал.

  • 2017 оны 2 дугаар сард Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан. Үүнд:

  • газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа;

  • хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

  • нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл;

  • барилгын материалын үйлдвэрлэл салбарууд хамрагдаж байна.

/http://www.legalinfo.mn/additional/details/3016?lawid=33/

 

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар доор дурьдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно: 11.2.1. барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих; 11.2.2. нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих; 11.2.3. эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

  • Засгийн газрын 2014 оны 191 дугаар тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Үүнд  Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр, Ундааны үйлдвэр, Махны үйлдвэр, Хиам консервны үйлдвэр, Төрөл бүрийн хүнсний ногоо нөөшлөх үйлдвэр, Шувууны аж ахуй болон зөгийн үржүүлэг,  Талх, нарийн боовны үйлдвэр зэрэг 30 гаруй төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж багтсан байна.  ГАТ, НӨАТ-аас чөлөөлөгдөх ЖДҮ-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг  хэрэгслийн жагсаалт:

http://www.legalinfo.mn/annex/?lawid=10455

Түүнчлэн, сүүлийн жилүүдэд гадаад орнуудтай байгуулсан худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, хамрагдсан зарим хөтөлбөрийн хүрээнд ХАА салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд  чөлөөтэй экспортлох таатай нөхцөл бүрдсэн байна. Эдгээрээс товч дурдахад:

Европын холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” хөтөлбөр

Европын холбооны зах зээлд экспортлогч хөгжиж буй улсуудыг дэмжихэд зориулагдсан Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-д манай улс 2005 оноос эхлэн хамрагдсан. Европын холбооны зах зээлд нэвтрэх үед бараа бүтээгдэхүүнээс тарифыг хөнгөлөх журмаар хэрэгждэг уг хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифын хөнгөлөлт багтсан. Монгол улсын хувьд GSP+ зохицуулалтын үр өгөөжийг ноолуур, ноолууран бүтээгдэхүүний худалдаа ихээр хүртэж байна. Тухайлбал, Европын холбооны улсуудын сүлжмэл хувцас ба хувцасны сүлжмэл тоног хэрэгслийн ердийн тариф 12 хувь, үхэр адууны боловсруулсан ширний ердийн тариф 6.5 хувь байдаг бол уг системд хамрагдсанаар дээрх нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрдсэн. Үүнээс гадна амьд мал, мах, дайвар бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, үр жимс зэрэг бараанд тарифын хөнгөлөлт тогтоосон байна.

Европын холбооны орнуудын хөнгөлөлтийн ерөнхий системийн барааны жагсаалт: 

http://www.mongolchamber.mn/documents/EU_2006_2008_order.pdf

           

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр

            2015 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсаас тодорхой тоотой нэр төрлийн барааг Япон улс руу татварын тэг нөхцөлтэйгөөр экспортлох боломж нээгдсэн. Хэлэлцээрийн дагуу Монгол улсаас Япон улс руу хөнгөлөлттэй тарифаар амьд мал, амьтад, мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, зөгийн цэвэр бал, үр тариа, хүнсний ногоо зэрэг 9300 төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Тухайлбал, Японы зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх гол бараа бүтээгдэхүүн болох боловсруулсан махан бүтээгдэхүүний 10 орчим хувийн татварыг, сүүн бүтээгдэхүүний 25-40 хувийн татварыг тодорхой тоон хязгаарлалтад шууд тэглэх; хүнсний ногооны 3-12 хувийн татварыг үе шаттай бууруулж тэглэх зохицуулалтууд орсон байна.

Монгол улсаас Япон улс руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300 төрлийн барааны жагсаалт:

http://www.mongolchamber.mn/chamber/index.php/2015-06-18-10-47-55#

 

Дэд салбарууд

МАЛ АЖ АХУЙ

Хөдөө аж ахуйн салбар үүний дотор мал аж ахуй нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын ниит орлогын 10 шахам хувийг бүрдүүлж байна. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.

Давуу тал, боломжууд

Монголын мал эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалдагаар онцлог юм. Монгол үүлдрийн мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байж, үржин төлжиж ашиг шимээ өгдөг давуу талтай.

Малын тооллогын 2016 оны 2 сарын дүнгээр манай орны малын тоо толгой 61,5 болж, хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.

dkUSTARKUOzl73G.png

Иймд мал аж ахуйн салбарын гол бүтээгдэхүүн болох мах, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортлох боломж нээлттэй байна. Мал аж ахуйн салбараас жилд дунджаар хонины ноос 27.5 мян тн, ямааны ноолуур 6.5 мян тн, бодын хөөвөр 1.3 мян тн, тэмээний ноос 1.7 мян тн –ыг бэлтгэж, 400.0 орчим сая литр сүү үйлдвэрлэхийн зэрэгцээ, дагалдах бүтээгдэхүүн ашиглаж олон зуун сая долларын ашиг олох боломжтой. Түүхий махны гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг ашиглан үйлдвэрлэлийн аргаар мах бэлтгэн, эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн органик махыг гадаадад экспортлох боломж байна. Мөн ноос, ноолуур, арьс ширний  хэрэглээгээр тэргүүлэгч орнуудад түүхий эд экспортлохоос гадна түүхий эдийг иж бүрэн боловсруулах жамаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортонд гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх боломжтой.

 

ГАЗАР ТАРИАЛАН

Тариалангийн салбарт 1190 аж ахуйн нэгж, 34.5 мянган өрхийн тариалан эрхлэгч, нийтдээ 65.0 мянга гаруй тариаланч, механикжуулагч, жимсчид 706.0 мян.га эргэлтийн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор газар тариалангийн салбарт улаанбуудай, арвай овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс, 30 орчим төрлийн хүнсний ногоо тариалж байна. Газар тариаланд оруулсан хөрөнгө оруулалтын 60-аас илүү хувийг хувийн хэвшил эзэлж байна

Давуу тал, боломжууд

Монгол Улсын тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь ургамалд хялбар ашиглагдах азот, калиар, 34.7 хувь нь фосфорын агууламжаар тус тус бага хангамжтай байгаа нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон. Иймээс хєрсний шинжилгээний дvн, таримлын физиологийн онцлогт vндэслэн эрдэс бордоог системтэй хэрэглэхийн зэрэгцээ, орон нутгийн байгалийн болон аж ахуйн нєєцєд тvшиглэн хийгдсэн шим болон биобордоог єргєн ашиглан газар тариаланг эрчимжvvлэх чиглэлээр хєгжvvлэх боломж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын байгууллагуудтай хамтран буюу дангаараа газар эзэмшиж тариалан эрхлэх сонирхол дээр тулгуурлан тэдэнд газраа түрээслүүлэх буюу  бусад хэлбэрээр ашиглуулж, манай улсад тариалдаг уламжлалт тарималаас гадна гурвалжин будаа, рапс, шар буурцаг зэрэг хүнс, тэжээлийн өндөр чанартай таримал тариалж, экспортод гаргах, дайвар бүтээгдэхүүнээр нь малын тэжээл үйлдвэрлэх боломж нээлттэй байна. Түүнчлэн улирлын нөлөөг багасгах зорилгоор өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангаж, цаашид тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн экспортлох боломж бүрдсэн байна.

 

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол улсын хүнсний салбарын үндсэн салбаруудад хөрөнгө оруулах боломжуудыг товч дурдвал:

  • Сүүний үйлдвэрлэл

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 220 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1326 хүн ажиллаж байна.

Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадлын 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Иймд сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн болон хагас эрчимжсэн фермүүдийг хотуудын ойролцоо байгуулан, орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх; орчин үеийн дэвшилтэт технологиийг нэвтрүүлж, хөргөх тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгох боломжууд  байна. Бусад боломжууд:

  • Өвөрмөц найрлага бүхий сарлаг, хайнагийн сүүг ариутган савлах;

  • Сүүний нөөцийг түшиглэн үндэсний цагаан идээ, цөцгийн тос, хатаасан болон өтгөрүүлсэн сүүний жижиг, дунд үйлдвэрийг хөдөлгөөнт болон суурин хэлбэрээр байгуулах, хүнсний ээдэмцэр, сүүний нэгдмэл уураг үйлдвэрлэх технологийг эзэмшиж гадаад зах зээлд гаргах;

  • Цөцгийн тосны үйлдвэрлэлийг сэргээх;

  • Эмчилгээ-сувиллын өндөр ач холбогдолтой гүүний саамыг ариутган савлах, айргийн байгалийн хөрөнгөний биомасс гарган улирлаас үл хамааран шинэхэн айраг үйлдвэрлэж гадаад, дотоод зах зээлд нийлүүлэх;

                 

  • Махны үйлдвэрлэл

Монгол улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тул улирлын шинж чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой.

Хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж жилийн турш хүн амын махны хэрэгцээг тогтвортой хангах, махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах боломжууд байна. Түүнчлэн, бэлчээр, худаг усыг ариутгаж, нэмэгдэл ногоон тэжээлээр тэжээсэн эрүүл ахуйн хяналт, чанарын баталгаатай органик, брэнд махыг үйлдвэрлэн гадны зах зээлд экспортлох бүрэн боломжтой. Бусад боломжууд:

  • Малын элэг, зүрх, бөөр зэрэг үнэт түүхий эдийг сайтар цэвэрлэж, савлан хөргөсөн, хөлдөөсөн байдлаар зах зээлд гаргах эсвэл бүрэн боловсруулж өртөг хямд, тэжээллэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

  • Хиам, махан бүтээгдэхүүнийг агааргүй орчинд савлах (вакуум савлагаа) технологийг үйлдвэр бүрт нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн бий болгох; 

  • Мал бэлтгэх, нядлах, мах, бусад түүхий эд боловсруулах технологийг мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, дэлхийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн сайжруулах, улмаар аюулгүй махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох;

  • Үндэсний уламжлалт арга ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлж борц, шууз, үүц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх

 

  • Гурилын үйлдвэрлэл

Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг бөгөөд гурилын үндсэн түүний эд болох буудай нь стратегийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтдаг.

Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгцээт аминдэмийн үндсэн эх үүсвэр болох ургамлын гаралтай хүнсний нэр төрлийг олшруулж хэрэглээний бүтцийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эдийг хаягдалгүй боловсруулах чиглэлээр ажиллаж уг салбарыг хөгжүүлэх дараах боломжууд байна. Үүнд:       

  • Буудайнаас бусад үр тарианы дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

  • Арвайг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж гурил, хөц будаа үйлдвэрлэх;

  • Уураг, аминдэмээр баяжуулсан гурил, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх;      

  • Хүн амын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан уураг, аминдэм, эрдэс, эслэгээр баялаг тусгай зориулалтын буудайн гурил үйлдвэрлэх.

 

  • Исгэлтийн үйлдвэрлэл

Исгэлтийн үйлдвэрлэл 2000 оноос эрчимтэй хөгжин өнөөгийн байдлаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болоод байна.

Монгол Улсад 2010 оны байдлаар спиртийн 15, архины 92, пивоны 22, дарсны 14, ундааны 39, цэвэр усны 42, жимс, ногооны шүүсний 19, рашааны 5, цайны 2, квасны 3 үйлдвэр ажиллаж архины 98.8 %, дарсны 17.1 %, пивоны 56 %, спиртийн 100 %, спирт агуулаагүй ундааны 90.5 %-г дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Өнөөгийн байдлаар дотооддоо үйлдвэрлэж буй пиво зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна. Пиво үйлдвэрлэлийн бүх түүхий эдийг импортоор авдаг нь энэ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Манай оронд усан үзэм ургах цаг уурын нөхцөл, боломжгүй тул дарсны үйлдвэрлэл хөгжөөгүй. Харин эх орны зэрлэг, таримал жимсгэнээр ликёр, дарсыг бага хэмжээгээр үйлдвэрлэдэг.

Иймээс эх орны хөрсөнд ургасан жимс, жимсгэнийг үйлдвэрлэлийн аргаар хураах, дэвшилтэт техник, технологи бүхий боловсруулах үйлдвэрүүдийг бүсчилэн байгуулах боломжтой байна. Мөн хөрөнгө оруулалтын дараах боломжууд байна:

  • Жимсний нэмэлттэй архи, ликёр, дарс, шимийн архи үйлдвэрлэх технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүнээ экспортлох;

  • Пивоны арвай, зөрөг цэцгийн тариалалтыг хөгжүүлэх, соёолжийг эх орондоо өөрийн түүхий эдээр үйлдвэрлэх, улмаар дотоодын пивоны өртгийг бууруулж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;      

  • Эх орны жимс, жимсгэнэ, хүнс, эмийн ургамлыг шүүс, ундаа, цай үйлдвэрлэлд ашиглах, зэрлэг ургамлыг тарималжуулах;

  • Натри, кали зэрэг электролит агуулсан, мөн шар сүүний уургаар баяжуулсан спортын ундааны технологи нэвтрүүлэн үйлдвэрлэх;           

 

  • Хоол үйлдвэрлэл

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь хүнсний бүтээгдэхүүн буюу түүхий эдийг үйлдвэрлэлийн явцад боловсруулалт хийж хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа /нэмүү өртөг бий болгож байгаа/ үйлдвэрлэлийн салбар юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдтай хөгжин, сүүлийн 15 жилд салбарын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 2 дахин нэмэгдсэн. Салбарын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 3 жилд өссөн дүнтэй байна. Хоол үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах дараах боломжууд байна:

  • Орон нутгийн зочид буудал, жуулчны баазуудын дэргэд хоол үйлдвэрлэлийн чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан зоогийн газрын үйл ажиллагааг эрхлэх;

  • Монгол улсад байхгүй гадаад үндэстний хоолны газруудыг дангаар болон хамтарсан хэлбэрээр байгуулах;

  • Катеринг үйлчилгээ үзүүлдэг үйл ажиллагаа эрхлэх.