EN MN

Барилгын салбар (Дэд бүтэц)

Танилцуулга

Барилгын салбарын бүтээн байгуулалт сүүлийн арав гаруй жилийн дотор хурдацтай хөгжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөгөөр тэргүүлэх салбар болсон. Үүнийг дагаад бараа материалын үйлдвэрлэл, ажлын байр, бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1 хувьтай байсан. Сүүлийн таван жилд барилгын салбар ДНБ-ий таван хувийг тасралтгүйгээр бүрдүүлж байгаа бөгөөд хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой салбар юм. 

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд хот суурин руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэж, хүн амын суурьшлын хэв шинжид томоохон өөрчлөлт орсон. Өнөөгийн байдлаар нийслэл, аймгийн төв, сумын төв зэрэг хот, суурин газруудад манай улсын нийт хүн амын 72 хувь нь амьдарч, нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 45 орчим хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 хувь нь байршиж байна. Манай улсын нийт 859 мянган өрхийн 30 орчим хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог орон сууцанд амьдарч байна.

 

Үзүүлэлтүүд

Өрхийн тоо

Монгол Улсын нийт өрхийн тоо

859,106

Үүнээс хот суурин газрын өрхийн тоо

537,682

Орон сууцанд амьдарч байгаа өрхийн тоо

256,800

Хот суурин газрын гэр хороололд амины орон сууцанд амьдарч буй өрхийн тоо

280,850

                                                     Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

 

Улсын хэмжээнд шинээр баригдаж, ашиглалтад орсон орон сууцны тоо жилээс жилд өссөн дүнтэй байна. Хэдийгээр орон сууцны нийлүүлэлт их байгаа боловч орон сууц худалдан авах боломжтой өрхүүдийн зөвхөн 40 орчим хувь нь одоогийн зээлийн нөхцөл шаардлагыг хангасан байна. Эдгээр нөхцөл байдал нь нийлүүлэлтийн илүүдлийг бий болгож үүнээс үүдэн орон сууцны үнэ буурах хандлагатай байна. 2017 оны 01 дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.8%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 7.2%-иар тус тус буурсан бөгөөд үнийн бууралт үргэлжлэх төлөвтэй байна.

 

65JSZNwHXf5Z9Sr.png
                                                   Эх сурвалж. БХБЯам

                                                                                                 

2016 оны орон сууцны эрэлт, нийлүүлэлт

WFC85N75SnhAYIv.png

Хөрөнгө оруулалт, боломжууд

1990-2016 оны байдлаар Монгол улсын барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 423 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан байна. Инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.9 хувийг эзэлж, 169 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад бүртгэгдсэн байна.

Барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой өсч байгаа боловч, бусад салбаруудтай харьцуулбал хангалтгүй байна. Монгол улсын хувьд газрын үнийн өртөг бусад орнуудтай харьцуулахад хямд, барилга угсралтын зардал бага, барилгын материалын түүхий эдийн орд газар элбэг, тогтвортой ажиллагаатай техник, ажиллах хүчний нөөцтэй тул эдгээр давуу талуудыг ашиглан барилгын салбарт хөрөнгө оруулах боломжууд нээлттэй байна. Эдгээрээс товч дурдахад:

  • Нийслэл болон бусад томоохон хотууд руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутагт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс сумын төвүүд дэх нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийг нэмэгдүүлэх;
  • Орон нутагт түүхий эдийн нөөц нь тогтоогдсон, судлагдсан орд газруудыг түшиглэн үйлдвэрүүдийг шинээр байгуулах, үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортоор авдаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг орлох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг шинээр бий болгох;
  • Барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргах чиглэлээр барилга байгууламжийг угсармалжуулах, энэ чиглэлийн материалын үйлдвэрийг хот, хөдөөд бий болгож, угсармал хийц, эдлэл, технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • Импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, экспортлох боломжтой барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, барилгын материалын үнийг тогтворжуулах чиглэлээр үнэд нөлөөлж буй цемент, арматурын төмрийн үйлдвэрийг шинээр барьж байгуулах, дулаан тусгаарлалт сайтай блокын үйлдвэр байгуулах, угсармал бетон үйлдвэрлэлийг дахин сэргээж эхлүүлэх, чулуу олборлон бутлан ангилах карьерийн үйлдвэр, зуурмагийн узель бүхий бетон эдлэлийн үйлдвэрийг цогцоор нь барьж байгуулах зэрэг боломжууд байна.

      

Хөрөнгө оруулалтын боломжууд ба хөнгөлөлт, чөлөөлөлт

  • Барилгын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, барилгын материалын үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Барилгын салбарт техникийн шинэчлэлт хийх зориулалттай зарим материал, тоног төхөөрөмж, машин механизм болон хуванцар хоолой, цемент шохой, чулуу, дулаан тусгаарлах болон гипсэн хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээний жагсаалт: 

/193 дугаар тогтоол http://www.legalinfo.mn/law/details/2580/

 

  • Мөн 2017 оны 2 дугаар сард Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан. Үүнд:
  • газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа;
  • хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
  • нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл;
  • барилгын материалын үйлдвэрлэл салбарууд хамрагдаж байна.

/http://www.legalinfo.mn/additional/details/3016?lawid=33/

Хууль, дүрэм, журмын жагсаалт:

  • Хот байгуулалтын тухай хууль
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
  • Орон сууцны тухай хууль
  • Барилгын тухай хууль
  • Газрын тухай багц хууль