EN MN

Зам тээвэр (Дэд бүтэц)

Танилцуулга

Монгол Улсын тээврийн ажил, үйлчилгээг авто тээвэр, төмөр зам, иргэний агаарын тээвэр, усан замын тээвэр гүйцэтгэж байна.

          Зам, тээврийн салбар нь 2016 оны байдлаар 40,3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 264.0 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Салбарын үндсэн үзүүлэлтүүд /2016 оны байдлаар/

Тээврийн төрөл

Үзүүлэлтүүд

Авто тээвэр

Тээсэн ачаа /мян.тонн/

20 406,2

Зорчигчид /мян.хүн/

260 680,6

Усан замын тээвэр

Зорчигчид /мян.хүн/

19,0

Төмөр замын тээвэр

Тээсэн ачаа /мян.тонн/

19 927,2

Зорчигчид /мян.хүн/

2 640,0

Агаарын тээвэр

Тээсэн ачаа /тонн/

3 082,6

Зорчигчид /мян.хүн/

672,8

                                                  Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам, 2017

 

            Авто зам

            Монгол Улсын автозамын сүлжээ нь 12,700 км орчим улсын чанартай зам, 36000 км орчим аймаг орон нутгийн болон хотын зам, 600 км орчим уул уурхайн замаас бүрдэж байна. Үүнээс 6,600 км орчим нь хатуу хучилттай ба ихэнхи нь хайрган буюу сайжруулсан хөрсөн зам эсвэл нарийн тогтоосон чиглэлгүй олон салаа хөрсөн зам байна.

                                                         

Монгол улсын авто замын сүлжээ

l54lKKktbpFIUtA.png

 

           Төмөр зам

Монгол Улсын төмөр замын нийт урт 1,818 км бөгөөд энэ нь дэлхийн нийт төмөр замын 0.2 орчим хувьтай тэнцэж байна. Манай улсын төмөр замын 99 хувийг нь Монгол, Оросын засгийн газрын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ эзэмшиж, ашигладаг. Үүний гол шугам нь хойд талдаа ОХУ-ын хилээс, өмнө талдаа Хятадын хил хүртэл үргэлжлэх 1115 км урттай Транс Монголын замналын (CAREC-ийн 4b коридор) хэсэг юм. Энд мөн 98 км урттай Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийн ордтой холбосон хувийн төмөр зам байна.

            Төмөр зам ачаа эргэлтийн хувьд давамгайлж байгаа хэдий ч 2010 онд 89 хувийг эзэлж байсан бол 2015 онд 60 орчим хувь болж буурсан. Харин зорчигч тээвэрт автотээвэр зонхилж байна.

 

Монгол улсын төмөр замын сүлжээ

RQgxNeHiN9QQk23.png

Автотээвэр

Монгол Улс ОХУ-тай 29, БНХАУ-тай 12 нийт 41 авто замын боомттойгоос, одоогоор 20 автозамын боомтоор улс хоорондын тээвэрлэлт хийгдэж байна.

Монгол улсын худалдааны логистикийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж тээвэрлэгчид, тээвэр зуучийн байгууллагууд болон худалдаа эрхлэгчид, гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын логистикийн талаарх ойлголт харьцангуй нэмэгдэж байгаа төдийгүй худалдаа тээврийг хөнгөвчлөх, логистикийн зардлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах оролдлогуудыг эхлүүлэн, худалдаа тээвэр логистикийн үйл ажиллагааг цогцоор авч үзэж байна.

Монгол улс далайд гарцгүйн дээр ихэнх тээвэрлэлт нь транзитаар хийгддэг боловч сүүлийн жилүүдэд логистикийн гүйцэтгэлийн индекс өссөн дүнтэй гарч байна. Тухайн улсын логистикийн гүйцэтгэлийн үр ашигтай байдлыг төлөөлөн харуулдаг уг индексийн дүнгээр Монгол улс 2016 онд дээгүүр үзүүлэлттэй гарч, өмнөх жилүүдтэй харьцуулахад гааль, ачаа тээврийн мэдээлэл, цаг хугацааны үзүүлэлтүүд өндөр гарсан нь уг дүнд эерэгээр нөлөөлсөн байна.

           

Далайн тээвэр

Монгол Улс 2003 оноос гадны орны хөлөг онгоц бүртгэн авч өөрийн улсын төрийн далбааг мандуулан далай ашиглах боломжийг бүрдүүлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад усан замын тээвэр нь Далай ашиглалт, усан замын тээвэр гэсэн хоёр төрлөөр хөгжиж байна.

Монгол Улсын далайд гарах хамгийн ойр боомт нь БНХАУ-ын нутаг дахь Тяньжин боомт бөгөөд Улаанбаатараас 1800 км зайд оршдог бол ОХУ-ын Алс дорнодын боомтууд ойролцоогоор 4400 гаруй км зайд оршдог. Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг, хамгийн хямд тээвэрлэлт юм. Монгол улс далайд гарцгүй орон боловч БНХАУ-н Тианжин, Шанхай, Чингдао, ОХУ-ын Владивосток, Санкт Петербург зэрэг боомтуудтай холбогдсон төмөр зам болон авто замын сүлжээгээрээ дамжуулан экспорт, импорт, транзит тээвэр, холимог тээврийг зохион байгуулж байна.

 

Далайд гарах гарц: 

БНХАУ

ОХУ

ЕВРОП

Ляньюунган

Владивосток

Клайпеда

Циндао

Находка

Латви

Синьган

Восточный

Таллин

Дальян

Санкт - Петербург

Эстони

Шанхай

Бусад 

Бусад

Бусад

 

 


               

Агаарын тээвэр

  • Олон улсын агаарын тээвэр:

Монгол Улс 36 улс оронтой Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан. Олон улсын агаарын тээврийн зах зээлд Монгол Улсын 3, гадаадын 5 агаарын тээвэрлэгч компани  нийт 7 улсын 13 чиглэлд нислэг гүйцэтгэж байна.

  • Орон нутгийн агаарын тээвэр:

Өнөөдөр, Монгол Улсад агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшдэг нийт 9 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгуудад 22 нисэх буудал ажиллаж байна.            

            Олон улсын шинэ нисэх онгоцны буудал:

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны /JBIC/ хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу нийт 65,6 тэрбум иений хөрөнгөөр санхүүжилтээр Төв аймгийн Хөшигийн хөндийд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих ажлыг 2013 оноос эхлүүлсэн. Шинэ нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 37000 кв.м талбай бүхий зорчигчийн үйлчилгээний терминалтай, 3600 м урттай хөөрч буух хучилттай зурвас, агаарын хөлгийн 6 хүзүүвч бүхий нийт 96 000 кв.м талбайтай нисэх буудал 2018 онд ашиглалтад орно.

 

             Давуу тал,  хөрөнгө оруулалтын боломжууд:

Эрдэс баялгийн асар их нөөцтэйгөөс гадна газар зүйн байршлаараа онцлог тогтоцтой Монгол улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөрш  улсаа холбохоос гадна, цаашид Ази, Европ тивийг холбосон гүүр болох, геополитикийн байр суурь болон эдийн засгийн чадавхаа ашиглаж, дэлхийн эдийн засгийн идэвхтэй оролцогч болох бүрэн боломжтой.

Далайд гарцгүй боловч өргөн уудам нутаг дэвсгэртэй тул олон улсын тээвэр логистикийн сүлжээ үүсгэж экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд төмөр зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх асар их боломж байна. Зам тээврийн салбарт хөрөнгө оруулах боломжуудаас товч дурдахад: 

  • Хамгийн бага тээврийн зардалтай салбар болох дамжуулах хоолойн тээврийг шинээр бий болгон хөгжүүлж нийт аймаг, сумдын хэмжээнд нефть тээвэрлэлтийг хамгийн бага зардлаар, богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх; 
  • Ази тивд үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй далайн боомтын талаас их нь БНХАУ-д байгаа бөгөөд дэлхийн топ 50 боомтын шилдэг 5 боомт Хятадад байна. Энэ хүрээнд далайн тээврийн хамтарсан компани байгуулах, хөлөг онгоц түрээслэх эсвэл Монгол Улсын бүртгэл дор үйл ажиллагаа явуулж буй шатахуун тээвэрлэгч онгоцоор Араб болон булангийн орнуудаас авах газрын түүхий тосыг Тяньжин боомтоор дамжуулан авах;
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан түгжрэлийг бууруулсан, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем, тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх; агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон хий түлшийг түлхүү нэвтрүүлэх;
  • Эдийн засагт өндөр ач холбогдолтой төмөр замын томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр тээврийн зардал, хугацааг хэмнэсэн гарц, шийдлүүд нэмэгдэнэ. Тухайлбал, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр БНХАУ-ын төмөр замаар дамжин далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрднэ. Төслийн үр дүнд Монголын нутаг дэвсгэр доторх тээврийн өртөг буурахаас гадна орон нутагт ажлын байр нэмэгдэн, дэд бүтцийн сүлжээ хөгжиж, экспортын өрсөлдөх чадвар дээшилж, нүүрсний тээврийн зардлыг 2.5-аас 3 дахин бууруулах давуу талтай.

Ирэх жилүүдэд Монгол Улсын төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалтын он жилүүд байхаас гадна эдийн засгийн болон хүн амын өсөлтөөс шалтгаалж тээврийн хэрэгцээ нэмэгдэн, уул уурхайд түшиглэсэн болон бусад бараа, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд бага зардлаар, богино хугацаанд гаргах таатай нөхцөл бүрдэнэ. 

           

Хууль, дүрэм, журмын жагсаалт:

  • Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүд
  • Зам, тээврийн яамны дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журмын жагсаалт
  • Авто замын салбарын хууль тогтоомж
  • Иргэний нисэхийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, стандартын жагсаалт
  • Автотээврийн салбарт мөрдөгдөж буй эрх зүйн актын жагсаалт