EN MN

Эрчим хүчний салбар (Дэд бүтэц)

Танилцуулга

Монгол Улсад 1924 оноос анх үндэс суурь нь тавигдсан эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар улс орны эдийн засаг, нийгмийн бүх салбарт үйлчилж, өргөн уудам газар нутгийн хүн ам суурьшсан суурин газрууд болон айл өрх бүрт хүрсэн том салбар болон хөгжиж ирсэн. Монголын эрчим хүчний салбар нийт 1122 МВ хүчин чадалтай дараах таван эрчим хүчний системээс бүрддэг.

8fYC5gv8p2jtYaf.png

2015 онд дулааны цахилгаан станцууд 5323,5 сая кВт.ц, усан цахилгаан станцууд 59,4 сая кВт.ц болон нар, салхины эх үүсвэрээр 158,3 сая кВт.ц, дизель станцаар 0,54 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээсэн байна. 

 

Цахилгаан үйлдвэрлэлийн динамик, сая.кВтц

Эх үүсвэр

2011

2012

2013

2014

2015

Дулааны цахилгаан станц

4450

4775.5

5014

5191.3

5323,5

Нарны цахилгаан станц

 

 

 

0.6

5,8

Дизель цахилгаан станц

20.2

28.7

5.4

8.2

0,54

Усан цахилгаан станц

52.6

52.1

59.9

66.3

59,4

Салхин цахилгаан станц

0

0

52.9

125.4

152,5

НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ

4522.8

4856.3

5132.2

5392

5541,7

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Цахилгаан үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадлын 85 хувийг нь дулааны цахилгаан станцууд, 5 хувийг салхин парк, 7 хувийг дизель станц, 2 хувийг  усан цахилгаан станц, үлдсэн 0.62 хувийг бага оврын буюу 5 МВт-аас доош чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд тус тус бүрдүүлж байна.

 

 2015 оны Үйлдвэрлэлийн бүтэц ба Импорт

TNIHR3j5X4InO36.png

 

 

 

2015 оны дүнгээр импортын цахилгаан эрчим хүчний 78 хувийг ОХУ-аас, 22 хувийг БНХАУ-аас авч төвийн хэрэглээний их ачааллын үеийн эрчим хүчний ачааллыг болон Баруун бүсийн хэрэглээний 60-70 хувийг хангаж байна. 

Давуу тал, хөрөнгө оруулах боломжууд

Манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгаа боловч улсын эдийн засаг өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа бөгөөд дотоод нөөц бололцоогоо ашиглан экспортлох бүрэн боломжтой байна.

Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамгаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын ихэнх хувь нь Зүүн Хойд Азид төвлөрөх тооцоо байна.

  • Монгол Улсад нүүрсний 15 сав газрын хүрээнд хамрагдах нийт 300 гаруй орд илрэл байгаа нь тогтоогдсон байдаг. 2015 оны байдлаар 173,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлэгч 10 орны тоонд багтдаг.
  • Усны нөөцөөр манай орны 3800 гаруй гол, горхи нийт 6500 км урттай ба энэ нь 6417.7 мВ эрчим хүч, 56.2 тэрбум кВ.цаг цахилгаан бий болгох нөөц юм.
  • Салхины эрчим хүчний тухайд Монгол орны нийт 13 аймаг 20,000 мВ, 9 аймаг 50,000 мВ, Өмнөговь аймаг дангаараа 300,000 мВ эрчим хүчийг салхиар бий болгох нөөц бололцоотой байна.

Эрчим хүчний арвин их нөөцтэй манай улсын хувьд нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэн эхний ээлжинд БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудад экспортлох бүрэн боломжтой. Тухайлбал, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжтой байна. Эрчим хүч экспортлохын тулд тус уурхайгаас жилд 22 сая тонн нүүрс ашиглахаар тооцоолсон байна.

 Түүнчлэн, Засгийн газрын зүгээс нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт) бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой.  

Хууль, дүрэм, журмын жагсаалт:

  • Эрчим хүчний тухай хууль
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль
  • Цөмийн энергийн тухай хууль
  • Цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсний төлбөрийн тухай