EN MN

Хөрөнгө оруулагчийг хамгаалах эрх зүйн тогтолцоогоороо дэлхийд 26-д ордог

Хөрөнгө оруулагчийг хамгаалах эрх зүйн тогтолцоогоороо дэлхийд 26-д ордог

1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2012 оны Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг тус тус хүчингүй болгож,  2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай шинэ  хуулийн төслийг баталж, холбогдох хууль, тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ хууль нь Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдыг гадаад болон дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлсон.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нь дотоодын хууль тогтоомжоор хамгаалагдахаас гадна олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Мөн “Хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай” Вашингтоны конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын олон талт агентлаг байгуулах тухай” Сөүлийн конвенцид нэгдэн орсон болно.

Түүнчлэн улс хоорондын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тогтолцоо бүрдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг 44 улстай, Давхар татварын хэлэлцээрийг 24 улстай байгуулсан. Монгол Улсын хувьд анхны чөлөөлт худалдааны хэлэлцээр болох “Монгол Улс, Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” энэ 2016 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхлэв.

Өнөөдөр Монгол Улс нь хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай орнуудын нэгд зүй ёсоор багтаж байгаа нь олон улсын судалгааны байгууллагуудын тооцоололтой нийцэж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны 2017 оны дүнгээр Монгол Улс нь 190 орны эдийн засгаас 64-д жагсаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчийн хамгааллын үзүүлэлтээр 26-д, бизнес эхлэх орчны үзүүлэлтээр 36-д байна. 

a8hpJ1Q1KRhdnrb.png

Шинээр орж ирж буй хөрөнгө оруулалтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн итгэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэсэн ололт амжилтуудыг олон нийт, нэн ялангуяа хөрөнгө оруулагчдад түгээн дэлгэрүүлж, дахин хөрөнгө оруулалтыг дэмжих нь хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл юм. Монгол Улс нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах чиглэлээр сүүлийн үед орж ирсэн хөрөнгө оруулалтыг үлдээх, дахин хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд түлхүү анхааран ажиллаж байна.

Тухайлбал, 2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн захиргааны байгууллагын зүгээс хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах, эрх үүргийг нь зөрчсөн шийдвэр гаргасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг хянаж,  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдол нь даамжирч арбитр очихоос өмнө асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зорилготой.

Цаашид хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлж болохуйц бодлогын сөрөг нөлөөллүүдийг засч, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг эерэгээр шийдвэрлэж, олон улсад эерэг хандлага бий болгон, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах, хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийснээр гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хувьд зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж  байгаа бөгөөд Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх механизм цахим системийг бий болгохоор хамтран ажиллаж байна.