Go to Top


Хөрөнгө оруулалтын талаар баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэл болон 2014 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, шинээр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын газрын танилцуулгыг Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчид, ЭСЯ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд зориулан хийлээ.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэв. Тэрээр Монгол Улс бизнест нээлттэй улс гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар тавьсан илтгэлдээ тус агентлаг нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах , мэдээллийг ил тод хүргэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн түвшинд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж буйг дурдав.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат “Төр-хувийн хэвшлийн түншлэл, Концессын бодлого, хэрэгжилт” гэсэн сэдвээр илтгэл тавив.

Энэхүү арга хэмжээнд холбогдох яам, агентлаг болон элчин сайдын яамдын төлөөлөл, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчийн газруудаас бүрдсэн нийт 170 орчим төлөөлөгчид оролцон хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудаар холбогдох төрийн байгууллагуудаас асуулт асууж, хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.