Go to Top

Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн нь тус улсын хөгжилд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой үйл явц боллоо.

1992 оны эхээр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар ардчилал, шинэчлэлийн үйл явцыг гүнзгийрүүлэх эрх зүйн гол баталгаа хангагдсан юм.

Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн удирдлагын тогтолцоо, арга механизмыг өөрчлөн шинэчлэх, түүний эрх зүйн үндсийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлж зүгшрүүлэх, макро түвшний удирдлагыг сайжруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих  бодлогын чанартай өөрчлөлт хийснээр шинэчлэлийн үйл явц түргэсч, үйлдвэрлэлийн уналт зогсох хандлагатай болж, эдийн засагт тогтворжилтын зарим эхлэл гарч, хүн амын нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог бүрдүүлж эхлээд байна.

Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагаар чиг баримжаа авч, өөрийн өвөрмөц онцлогийг харгалзан дотоод, гадаад хүчин зүйлийг ухаалгаар хослуулан ашиглах замаар эдийн засгаа сэргээн хөгжүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг тогтвортой дээшлүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжлийн урт хугацааны төрийн цэгцтэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:  http://www.legalinfo.mn/annex/details/3092?lawid=8369