Олон улсын худалдан авагчдын лавлах
Та гадаад зах зээлээс шинэ худалдан авагч хайж байна уу? Доорх олон улсын найдвартай мэдээллийн сангуудаас бүс нутаг, салбар, компанийн хэмжээ болон бүтээгдэхүүнээр нь нарийвчлан хайлт хийх боломжтой.
KOMPASS Global Database (Олон улсад төвлөрсөн)
Kompass нь дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг B2B бизнесийн лавлах бөгөөд компани хоорондын харилцааг дэмжихэд зориулагдсан онлайн платформ юм. Экспортлогчдод гадаад зах зээлээс боломжит түншүүдийг тодорхойлох боломжийг олгодог.
Үндсэн боломжууд:
- Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүнээр нарийвчилсан хайлт хийх;
- Европ, АНУ, Ази зэрэг дэлхийн голлох зах зээлүүдийг хамарсан өргөн хүрээтэй сан;
- Өөрийн компанийг үнэгүй бүртгүүлж, бүтээгдэхүүнээ олон улсад танилцуулах.
💡 2025 оны байдлаар тус платформыг 70 гаруй орны 57 сая гаруй компанийн мэдээллийн хүрээнд 28 сая гаруй хэрэглэгч ашигласан байна.
Europages (Европын зах зээлд төвлөрсөн)
Europages нь Европын зах зээл рүү экспорт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан B2B худалдааны платформ юм.
Үндсэн боломжууд:
- Европын орнуудыг хамарсан өргөн хүрээтэй B2B мэдээллийн сан;
- Компанийн мэдээлэл болон бүтээгдэхүүний тайлбарыг 21 хэл рүү автоматаар орчуулж хүргэх.
💡 2025 оны байдлаар 2.6 сая орчим компанийн мэдээллийг агуулж, сар бүр 6 сая орчим хайлт хийгддэг.
Wer liefert was / WLW (DACH бүсийн зах зээлд төвлөрсөн)
Герман, Австри, Швейцарь (DACH бүс)-ийн зах зээлд чиглэсэн тэргүүлэх B2B платформ бөгөөд үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг холбодог.
Үндсэн боломжууд:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зураг, тайлбарын хамт байршуулж үнийн санал авах;
- Герман хэлтэй бүс нутгийн зах зээлд шууд холбогдох.
Canadian Importers Database
Канад улсад ямар компани ямар бараа бүтээгдэхүүн импортолж буйг харуулдаг Канадын Гаалийн албаны (CBSA) албан ёсны мэдээллийн сан юм.
Үндсэн боломжууд:
- БТКУС (HS code) кодоор нарийвчилсан хайлт хийх;
- Импортлогч компаниудыг оршин суугаа бүс нутгаар нь ангилан харах.
Panjiva
АНУ-д төвтэй, бодит ачилтын баримт бичиг болон тээвэрлэлтийн мэдээлэлд суурилсан гадаад худалдааны урсгалыг харуулдаг платформ.
Үндсэн боломжууд:
- Бодит ачилтын баримтад суурилсан нийлүүлэгч, худалдан авагчдын нэрсийг харах;
- 9 сая гаруй компани болон 2 тэрбум гаруй ачилтын бүртгэлээс шүүх.