Skip to main content

Та бараа бүтээгдэхүүн гадаадад экспортлохдоо тухайн орныхоо импортын гаалийн болон бусад татварын хувь хэмжээ, бараанд тавигдах бусад шаардлагыг мэдэх нь зүйтэй. Үүний тулд экспортлох барааны БТКУС кодыг (HS code) мэдсэн байх шаардлагатай.

Барааг экспортлох, импортлоход БТКУС (Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем) буюу HS Code (Harmonized System)-ийг ашиглах бөгөөд Дэлхийн гаалийн байгууллагаас (WCO) боловсруулан дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт систем юм.

БТКУС (Уялдуулсан систем) нь олон улсын худалдаанд барааг дэлхий даяар ижил ангиллаар тодорхойлох, бүртгэх, татвар ногдуулах, олон улсын худалдааны статистик гаргах зорилготой.

Уялдуулсан систем нь дараах ач холбогдолтой:

  • Бараа, бүтээгдэхүүнийг нэг мөр олон улсын нийтлэг ангиллаар кодлон тодорхойлох буюу импортлогч, экспортлогч, гаалийн байгууллага ижил код ашигладаг гэсэн үг.
  • Барааны HS кодоор тухайн бараа, бүтээгдэхүүнд ногдох гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татварыг тодорхойлон ногдуулдаг.
  • Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэглэх, тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, хориг, квот, зөвшөөрөл зэрэг худалдааны зохицуулалтыг хэрэгжүүлдэг.
  • Гадаад худалдааны статистик гаргах
  • Худалдааны баримт бичиг, гаалийн мэдүүлэг, тээвэрлэлтийн мэдээллийг олон улсад харилцан ойлгомжтой болгодог.

БТКУС нийт 8 оронтой байдаг ба үүний 6 үндсэн код, сүүлийн 2 орон тухайн орны үндэсний код байна. Жишээлбэл:

Эхний 2 цифр: Бүтээгдэхүүний ангиллыг тодорхойлох (жишээ нь, механик хэрэгсэл)

Дараагийн 2 цифр: Бүтээгдэхүүний дэд ангиллыг тодорхойлох

Сүүлийн 2 цифр: Бүтээгдэхүүний өөрчлөлт эсвэл материалтай холбоотой нэмэлт мэдээллийг заана.

Жишээлбэл: 8703.21.10 Суудлын автомашин (үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 0-3 жил) гэх мэт.

Барааны БТКУС кодыг зөв тодорхойлсноор:

  • Гаалийн болон бусад албан татварыг зөв тооцон ногдуулна;
  • Чөлөөт худалдааны хэлэлцээрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэнэ;
  • Гарал үүслийг нотлоно;
  • Гаалийн үйл ажиллагаа илүү хурдан, хялбарших боломжтой;

Монгол Улсын гаалийн тариф, татвар, барааны ангилал нь Дэлхийн гаалийн байгууллагын БТКУС кодын системд үндэслэн боловсруулагддаг ба гаалийн байгууллага уг БТКУС кодын дагуу экспорт, импортын гаалийн татвар болон бусад татварыг тооцон ногдуулдаг. Хэрэв гадаад худалдаа эрхлэгч та бараа, бүтээгдэхүүнийхээ БТКУС кодыг мэдэхгүй байгаа тохиолдолд гаалийн лабораторид хандан урьдчилан тодорхойлуулж болно.

БТКУС кодыг https://gaali.mn/hscode/mn хаягаар шалгаарай.

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com