Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-д зохион байгуулж буй “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.09.24/ “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт амжилттай боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хүрэлцэн ирж, нээлтийн үг хэлэн оролцогчдод амжилт хүсэв.
Үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудал, гомдлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар онцоллоо.
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс Монгол Улсын бизнесийн орчинд тулгарч буй шүүхийн маргаан удаашрах, хөрөнгө оруулагчдын гомдол барагдуулах тогтолцоо сул байх зэрэг сорилтуудыг шийдвэрлэх зорилгоор төрийн оролцоог багасгаж, өрсөлдөөнийг дэмжсэн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”-ийн багцыг танилцуулсан. Энэхүү шинэчлэлээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтворжуулалтын гэрчилгээний шалгуурыг хялбарчлах, олон улсын арбитраар маргаан шийдвэрлэх эрх олгохын сацуу олон төрлийн тусгай зөвшөөрлийн хүндрэлийг бууруулж, мэдэгдэх хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг тусгасан байна.
Мөн энэ уулзалтад Тэнгэр судалгааны төвийн судлаач С. Энхтөр оролцож гадаадын шууд хөрөнгө оруулалтын итгэлийн барометрийн (MIBI) судалгаагаар хөрөнгө оруулагчид Монгол Улсыг баялаг нөөцтэй хэдий ч засаглалын сул тал, тэр дундаа авлигаас шалтгаалан төлөв байдал нь таамаглах аргагүй гэж үзэж байгааг онцлон дурдсан. Тиймээс авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татварын бодлогод өөрчлөлт оруулах, мөн хүний оролцоотой зөвшөөрлийн системийг дижитал болгох зэрэг бодлогын тэргүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Арга хэмжээний үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан илтгэл танилцуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэх чиг үүрэг Хөрөнгө оруулалт, худалдааны газарт шилжиж байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын шинэчлэл болон хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Засгийн газар болон манай агентлагийн зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг найдвартай хамгаалж, таатай орчныг бүрдүүлэхийн төлөө шат дараатай тодорхой ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


