Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайд нарт нэгдсэн мэдээлэл хүргэх, гадаад улс орнуудад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг түгээх, хөрөнгө оруулалт татах чиглэлээрх хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь Гадаад харилцааны яамтай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэл ба орчин” сэдэвт цахим вебинарыг зохион байгууллаа.
Цахим вебинарын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд оролцож, нээлтийн үг хэлэв. Үүний дараа Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.
Мөн Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Оюунтунгалаг хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга, төлөвлөгөөг танилцууллаа.
Вебинарын хүрээнд “Хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ирмүүн модератороор ажиллав. Хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нар оролцож, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
Тус вебинарын хүрээнд гадаад улсад суугаа 30 гаран Монгол Улсын Элчин сайд нарт хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл хүргэв.


