Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахалж буй бөгөөд, тус хөтөлбөрийн түүхт 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Бизнес форумын хүрээнд B2B болон B2G Matchmaking уулзалтыг зохион байгуулж, бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон төрийн байгууллагын төлөөлөлтэй шууд уулзан, бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг судлах, санал солилцох нөхцөлийг бүрдүүлэв.
МОНГОЛ УЛСЫН (КАРЕК/CAREC)-ИЙН ГИШҮҮН ОРНУУДТАЙ (БНХАУ-ЫГ ЭС ТООЦСОН) ХИЙСЭН ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2025 ОНД 120.5 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ 2020 ОНЫ ТҮВШНЭЭС 4.5 ДАХИН ӨСӨӨД БАЙНА.
(КАРЕК/CAREC)-ийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хамтын ажиллагаа өргөжиж, 2026 онд Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (CARTIF)-ийн хэлэлцээ эхэлсэнтэй уялдуулан гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих чиг үүрэг бүхий байгууллагуудын хооронд практик, тогтмол хамтын ажиллагааны механизм бий болгох нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна.
Иймд Монгол Улс (КАРЕК/CAREC)-ийг даргалж, хөтөлбөрийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж буй боломжийг ашиглан Хөрөнгө оруулалт, худалдааны газраас гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих байгууллагуудыг холбосон “CAREC Investment and Trade Alliance” эсхүл “CAREC Investment and Trade Dialogue” хэлбэрийн хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлэв.
Уг механизм нь эхний үе шатад гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих байгууллагуудын хамтын ажиллагаанд төвлөрч, цаашид холбогдох төрийн байгууллага, бизнесийн холбоод болон хувийн хэвшлийн оролцоог хангасан бүс нутгийн санаачилга болон өргөжиж Монгол Улсын (КАРЕК/CAREC)-ийн гишүүн орнуудтай хийсэн гадаад худалдааны эргэлтийн эрчимтэй өсөлтийг дэмжих ач холбогдолтой.


